Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн болон “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хүрээнд улс орон даяар зохион байгуулагдаж буй “Иргэдийн Спортын Их Наадам–2025”–ын аймгийн шигшээ тэмцээн Төв аймагт энэ сарын 5 дугаар сарын 20–22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
Тус тэмцээн нь иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх идэвхийг нэмэгдүүлэх, олон нийтийн эрүүл мэндийг дэмжих, спортын төрлүүдийг сурталчлан таниулах, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байна.
Нээлтийн арга хэмжээнд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Цогбаяр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, тус тэмцээнийг шүүн явуулсан шүүгч, дасгалжуулагчид, баг тамирчид болон иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцлоо. Аймгийн шигшээ тэмцээнд 6 бүсээс шалгарсан нийт 350 тамирчин оролцсон бөгөөд тэд шатар, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, шагайн харваа, үндэсний сурын харваа, үндэсний бөх гэсэн нийт 7 төрлийн спортын тэмцээнд авхаалж самбаа, хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Энэхүү тэмцээний урьдчилсан шатанд 1200 гаруй иргэн оролцсон. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцож, амжилт гаргасан тамирчдад шагнал гардууллаа. Тус тэмцээн нь иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалан дуудаж, биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, нийтийн спортын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан үйл ажиллагаа боллоо. Цаашид бүсчилсэн зохион байгуулалтыг улам бүр сайжруулж, төрийн болон орон нутгийн байгууллагуудын уялдаа холбоог гүнзгийрүүлэх, спортын бодлогыг орон нутагт амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.